Tuesday 28 October 2008

Миний эх орон

Би сая блог үзэж байгаад нэг найзынхаа блогоос энэхүү шүлгийг уншлаа. Шүлэг бичиж үзээгүй ч унших дуртай болохоороо хуулаад тавьчихлаа baji блогоос.  

Ж.Мөнхбат : Дутах эс дутахын шүлэг

Жаргалтай нарны цацрагийг
Тоонон дээрээ аргамжиж
Жавартай шөнийн гурван одыг
Тотгон дээрээ залсан
Нар зөв монгол заяанд уйлж төрөхөд
Надаар эх орон минь дутаагүй ээ
Тотго босго хоёроороо дэмнүүлж
Тоодон бойтгийнхоо хонхыг анх чимэглэхэд
Аав суудалт уулс нь салхиараа дэмнэж
Алтан нар хүртэл цацрагаараа дэмнэж
Эхний мөрөө газар баярлуулан гишгэхэд
Эх орон минь надаар дутаагүй ээ!
Бялууртлаа түмнийхээ буянд эрхэлсэн
Балга цус амины үнэ мэдэхгүй намайг
Довон дунд дэгэнцсэн хөсөг тэрэг шиг хэдэн шүлгээ
Дотроо их томдож, омголон явахад
Чамаас ч илүү үрсийнхээ сүнсийг
Уулс дундаа бүвэйлж байдаг юм гэж
Чангахан зандарсан аавын харц шиг
Ухаарал өгөхдөө эх орон минь надаар дутаагүй ээ  
Надаар дутаагүй эх орноороо харин
Насаа үдтэл би дутаж амьдарна
Хэнз яргуй аргалын үнэртэй
Хээрийн салхиар дандаа би дутдаг
Дөрөөн дээр сүү дусаасан учралын харгуйтай
Дөрвөн улиралаар нь үргэлж би дутдаг аа
Сүүлчийн амьсгал нь толгод болсон
Ааваараа би дутдаг
Сүүн цацал бүхэн нь цэцэг болсон
Бурхан ээжээрээ дутдаг
Морь буусан дөрвөн бэрхээр заяаг минь тэгшилсэн
Монголоороо би дутаж амьдрахын учир
Сүүдрээ дэвсэж элгэнд чинь нойрсохдоо ч
Сүнс минь танаар л дутна, эх орон минь ээ

3 comments:

Anonymous said...

bolchihloo

... said...

ganbaaree

Anonymous said...

goyo shuleg bn shoooo busgui mini kkkk. amjilt!